Sunday, April 14, 2013

Монголчуудын бичиг үсгийн соёл

Босоо монгол бичиг(уйгаржин) нь хөх монголчуудын тэнгэрлэг босоо заяаг тэтгэх учиртай далдын нэгэн нууц увьдаст хүчирхэг хэрэгсэл юм уу? Эсвэл гээгдэж хоцрогдсон бичгийн соёл байгаад улмаар дэлхийн хөгжлөөс өнөө цагийн монголчууд биднийг арагш хойш нь чангаах нигуртай хуучин цоож түгжээ болох юм болов уу?
Хүмүүний түүхийг тухайн цаг үеийн эзэд нь улс төрийн зорилгоор бичдэг болохоор “түүхэн үнэн” заавал ч үгүй гуйван дайвдаг байна. Элдэв уран зохиолчид түүхэн домгуудыг ашиг олох санаагаар зохиодог, тэгээд хожим нь үнэн түүх болтол нь энгийн ард иргэд итгэн үнэмшдэг болсон байна. Ийм байдал өнөөдөр ч ялгаагүй үргэлжилсээр байна. Хүн гүрний задралын өмнөхөн үеийн нэгэн эзэн Модун чинму-гийн “газрын тухай” домог, цөхүр Цогт хун тайжийн “тусгаар тогтнолын тэмцэлийн” домог, Мандухай хатаны “хаан ширээг аварсан” домог, цаашлаад Зүүнгарын хан цорос Галдан бошготын “эзэрхэг бус дайны” домог, хошууд Ану хатаны “улсынхаа ар талыг дааж хариуцаад үлдээгүй баатарлаг үйлсийн” домог . . . гээд зохиомол домгууд “хэрвээ түүх ингэж өрнөсөн бол” гэсэн агуулгаараа зохиосон үлгэрүүд нь ашиг харсан бизнесын зорилгоор өнөөдөр ч бичигдсээр л байна. Өнөө цагийн түүхчид сул суугаад байгаа болохоор элдэв шалдав уран зохиолчид, нялхамсаг мөрөөдөгсөд орыг нь залган авахаас ч яах вэ дээ. Яг ийм байдлаар монголчуудын бичиг соёлын түүх мөн л гуйвжээ. Бичиг үсэггүй бүдүүлэг зэрлэг монголчуудыг гэнэт л дээд ТНГР-ээс тэтгээд нэгэн цагт тэдэнд дэлхийг даатган захируулсан аятай домог үүсгэх нь бидний үзэл сурталын дайсан байсан харь гүрний эзэрхэгчдэд л ашигтай байх шиг юм. Хятан улс, Алтан улстай эн тэнцүү харьцаж ирсэн Хамагмонгол улсын төр нь , ард иргэд нь бичиг үсэггүй байсан гэж хэн хэлсэн юм бэ? Цаасан дээр, эсвэл модон дээр үлдсэн ул мөр байхгүй нь заавал бүдүүлэг харанхуй байсан гэсэн утгыг агуулгах учиртай юм гэж үү? Түмэн газрын цагаан хэрмийг дамнан эзэгнэж оршсон Монгол язгууртай Хятан нар, Зүрчидийн Алтан улс, Тан гүрний төрийн эрх баригчид(монгол аймгуудтай худ ургийн холбоотой байсан), Хүн гүрэнтэй эн тэнцүү зэрэгцэн оршсон Цинь гүрэн(“Бин Мао Бинь” гэх шавар цэрэг морин урлалын соёлын гайхамшигт өвийг үлдээсэн ЦиньШи хуандигийн)-ий эзэд цөм нүүдэлчин гарал угсаатай байсан. Нангиад нарын бичиг соёл(ханз дүрс бичиг)-ын түүх эргээд л нүүдэлчдээс эхтэй гэдгийг хэн үгүйсгэх юм бэ? Тан гүрний аугаа их найрагч Ли Бо нүүдэлчин угсаатай нэгэн байсан. Цинь гүрний цэргийн ерөнхийлөн захирагч жанжин нь Хүннү угсааных байсан.
Гэтэл монголчуудын төрт ёсны түүх л гэхэд буман(100 мянга) жилийн биш юм гэхэд бүр жижгэрүүлээд түмэн(10 мянга) жилийн улбаатай байдаг. Монголын их хаадын алтан ургийнхны дээд өвөг Бүртэ чинму(ЧИН Аайий) эзний одоогоос 9145 жилийн өмнөөс монголчууд бидэнд уламжилсан тэнгэрийэ аугаа их тайлга тахилгын гялбаа үлдсэн бий билээ(түүнээс хойш “Амьдрал бол ЗОВЛОН юм” гэж сургасан Буддын шашинг үндэслэгч Шакьяа омгийн Сиддарта одоогоос 3039 жилийн өмнө мэндэснийг өнөөгийн түбдийн Бурханы шажинтнууд нь мэддэг ч юм уу бүү мэд. Харин дэлхийн энтэй Чан Буддистууд, Зэн Буддистууд мэдээд тэмдэглэдэг болтой юм байна).
Богд хаант Монгол улсын 1918 оны хүн амын тооллогоор төрд данстай гэж бүртгэгдсэн 205 ноён, 13270 тайж нар маань Монголд Ленин(Октябрийн хувьсгал гэгч цуст бөгөөд зохиомол үйлийг бүтээхийн тулд тухайн үед Оросын Цагаан хаант улстай дайтаж асан Германчуудаас урьдчилан 6 сая маркийг зээлж санхүүжүүлсэн)-ий үндэслэсэн Улаан Орос улсаас экспортлосон 1921 оны коммунист суртлын “Ардын хувьсгал” гэгчийн дараа 1922-1929 оны хооронд бүрмөсөн арчигдан үгүй болсонг өнөөдөр хаанаас, хэнээс нэхэх ёстой юм бол? Эсвэл бүр нэхэх ч, тэгээд бүр асуух ч учир начиргүй юм уу? Дуугардаг улс төрчид, судлаад гаргасан мэргэн түүхчид ч алга юм. Монголчуудын үнэн түүхийг, цаашлаад монголын бичиг соёлын аугаа түүхийн өвийг агуулсан тэдгээр ухаантнууд зөвхөн “торгон дээлтэй” байснаасаа болоод л харийнхны гар хөл болсон “хөдсөн дээлтэй” мунхагуудынхаа цуст дайрлагын хөлийн тоосонд өртжээ. Иймэрхүү дайрлагууд монголчуудын түүхэнд өмнө үед ч бас тохиож л байжээ. Түбдийн бурхан шажны нөлөөгөөр оюун тархи нь эргүүтсэн зарим язгууртан(Түмэдийн Алтан хан, Түшээт хан “галзуу” хочит Абтай, ..., хожим Жалханз хутагт Дамдинбазар нарын харгис хэрцгий үйлийг хэн зөвтгөх юм бэ?)-уудын явуулсан бодлогоор хуурамч зарлиг түгээн тал нутаг бүрээс цуглуулан ирүүлээд хөлгүй найр наадам хийж заль мэхээр согтоон улмаар амьдаар нь хоморголон шатаасан, шороон даланд хийн булсан олон арван мянган мэргэд, зөнчид, бөө нар, бусад элдэв увьдастай явсан хөх монгол хүмүүсийн Тэнгэрт данстай, догширсон сүнс оюунууд ТНГР-ийн хуулиараа харин ч арилж устаагүй тэнгэрлэг ахуйгаараа оршсоор л байна.
Монголын бичгийн соёлын түүхийг гаргахын тулд эхлээд дэлхийн соёл иргэншлийн түүх, бичгийн түүхийг судлахаас өөр аргагүй. Анхны бичиг үсгийн түүхийг эртний Шумерийн соёл иргэншилтэй холбон үздэг. Анхны бичиг үсгүүд дүрс үсэг байсан байдаг. Эртний Египет улсын түүхийн сүүлийн цаг үед зарим авиа тэмдэглэсэн үсэг үүссэн гэж үздэг. Тэгээд нэлээд хожим Финикүүд уламжлан авч авиа зүйг үндэслэсэн шинэ бичиг үсэг зохиожээ. Босоо бичиг нь “Финикүүд-Арамей-Ассири- Согд- Эртний Уйгар-уйгаржин Монгол(16-р зуунаас өмнөх)-Манж бичиг-Монгол босоо бичиг(16- зуунаас хойших)-Тод үсэг-Вагиндра үсэг” гэсэн дарааллаар үүсч хөгжсөн байна. Уйгарууд бичгийн соёлоо Согдоос авч хөгжүүлэхдээ дорнын бичиг соёлын нөлөөгөөр хэвтээ хэлбэрээс нь өөрчлөн босоо бичиг болгон хөгжүүлсэн байдаг. Уйгар нар Күлбилигийн удирдлагаар хүчирхэгжин 745 онд Уйгарын хаант улсаа байгуулсан. Күлбилигийн хүү Баянцор хааны үед их шинэчлэл улсдаа хийсний дотор өрнийн Согдуудтай холбоо тогтоон Согд багш нарыг залан авчирч согджин-уйгар бичгийг хэрэглэх болсон гэдэг. Уйгарууд эхлээд монгол эртний аймгуудын адил Орхон бичиг хэрэглэж байсан нь Сэлэнгэ орчмын чулууны бичиг дурсгалаас харагддаг.
Эртний монгол аймгуудын түүхийг нангиадын эртний сурвалж бичгүүдийн мэдээгээр хөөн сурвалжилж хожмын тулгуур бичгүүдийн баримт, эрдэмтдийн шинэ судалгаагаар эртний монголчуудын бичиг соёлын талаар олон нээлтийн дүгнэлт гарч байна. Нэгэнт түүхэн уран зохиол гэдэг бичгийн зохиолын тухай ойлголт учраас бичиг үсгийн үүсэлтэй шууд холбоотой. Хүннү нар Кэмү загварын сийлж тэмдэглэдэг үсгийг МЭӨ 8-р зууны үеэс ч хэрэглэж байсан нангиад сурвалжуудын мэдээг ашиглан эрдэмтэд нотолж байгаа болохоор түүхэн уран зохиолын үүслийг наана хэлэхэд МЭӨ 3-2 зууны үе гэж тогтоон үздэг. Хүн нар бичгийн соёлтой байсан, Сүмбэ нарт бичээч гэдэг үг монгол хэлний “чин” дагавартайгаар 3-р зууны үед байсан болохоор монголчуудын бичгийн уламжлал Нирунчуудаар хязгаарлагдахгүй нь илэрхий байдаг. Эртний түүхийн баримттай хамт яривал нүүдэлчин аймгууд хоорондоо харьцахдаа Кэмү хэмээх мод сийлэх маягаар тэмдэг болгон харилцаж, аливаа зүйлийг тэмдэглэдэг байсан баримт гарч ирж байна. Энэ нь хожмын Орхон бичиг(Руни буюу гарал үүсэл нь тодорхойгүй хэмээн өхөөрддөг)-ийн өвөг болох бичгийн соёл юм байна. Уйгарын өмнө Монгол нутагт Түрэгийн хаант улс оршин тогтнож байсан бөгөөд тэд Хүннүгийн үеийн Кэмү бичигт тулгуурлан Орхон бичгээ зохиосон байна. Түүхийн элдэв шалтгаанаас болж орхон бичгийн ном судрууд үрэгдсэн боловч хөшөө чулуунд сийлсэн дурсгалт бичгүүд нь Орхоны хөшөө цайдам, Шинэ ус зэрэг газар олджээ.
Мод сийлэх Кэмү бичгийн хэвийг хожим Хятан нар их бичгээрээ сольжээ. Монгол гаралтай, монгол хэлтэй Хятан нар 907 онд хаант улсаа байгуулж, 916 онд улсын цолоо Их Ляо  гэж зарлажээ. Хятаны Амбахин хааны ач Лоба, мэргэн Тулайхүү нар 920 онд хятан “Их бичиг”-ээ зохиожээ. Энэ хэтэрхий олон тэмдэгтэй байснаас Амбахины хүү Зодохун үсгийн тэмдэгтийг цөөрүүлэн 378 болгон хятан “Бага бичиг”-ээ зохиожээ.
Эрт үеийн монгол ханлигууд Кэмү бичгээ аажмаар Орхоны Руни бичгээр сольсон, Хятан зэрэг улс өөрийн үсэг бичгээ зохион хэрэглэсэн нь түүхэн уран зохиолын хөгжилд тухай бүр дэвшил авчирч байсан бол уйгаржин монгол бичг төрийн бичиг болж Их Монгол улс даяар хэрэглэх болсноор монгол олон аймгуудын дунд урт удаан хугацааны турш хэлбэржин тогтсон бичгийн хэл системд орж олон ястан нар өөр өөрийнхөөрөө дуудан унших ойлголцох өргөн боломж агуулсан нэгдсэн төрийн бичиг чухам зохистой сайхнаар үйлчилж эхэлжээ. Нэгдсэн төр бий болсны дараа төрийн зарлиг, чухал хэрэг явдлуудыг замын хажуугийн чулуунаа бяцан сийлж тэмдэглэн нийтэд мэдүүлэх ажлыг их хийсэн байдаг. Энэ нь Кэмү бичгийг хэрэглэж байсан эртний Хүннүгээс эхтэй угийн бичиг хөтлөх уламжлалын залгамжлал юм. Уйгаржин монгол бичгийн өнөө хүртэл хадгалагдан үлдсэн цөөхөн дурсгалын нэг болох “Чингисийн чулууны бичиг” нэг нотолгоо нь болно. Эзэн хаан Сартуул иргэнийг дайлаад буцах замдаа 1224 онд Ирчис мөрний хөвөөнд Бух Сочхай гэдэг газар ялалтын баяр наадам хийж тэнд Хасарын хүү Есөнхи 335 алд газар мэргэн харвасан их амжилтыг хөхүүлэн чулуунаа бяцаж тэмдэглэснийг 1818 онд Оросын шинжилгээний анги Петрбургт аваачжээ.
Их Юань гүрний эзэн Хубилай хаан орд сууснаас монгол төрийн соёл эрдэмийг эрхэмлэх бодлого улам хүчээ авсан юм. Хубилай хаан түбдийн Пагва лам Лоройжалсанг “гүүш”-ээр өргөмжлөн монголын шинэ бичиг зохиох тушаал өгсөн бөгөөд Пагва лам арав шахам жил оролдсоор түбдийн цагаан толгойгоос үлгэр авч дөрвөлжин үсгийг зохиож хаанд барьжээ. Хаан сайшааж 1269 онд монголын шинэ бичиг хэрэглэх зарлиг гаргажээ: “Би санаваас үсгээр үгийг бичмой, үгээр хэргийг тэмдэглэмой. Энэ нь эртний ба эдүгээ үеийн нэвтэрхий хууль. Бидний улс гэр умард газар дор тулгар байгуулсан тул суртал нь хэмжээтэй. Эртнийг эрхлэх тулд тогтоон үүсгэж завдсангүй. Аливаа бичиг үсэг нь хятадын хичээнгүйлэх ба жич уйгарын үсгийг хэрэглэж манай үгийг нэвтрүүлмой. Ляо улс, Алтан улс ба жич холхи олон улсын дүрмийг хянаваас тус тусдаан үсэг буй амой. Эдүгээ бичгийн улмаас хөгжих бөгөөд бичиг үсэг тогтоох нь дутуу, бүрдээгүй тул улсын багш Пагвад тушааж монголын шинэ үсгийг үүсгэн бичүүлбэй. Аливаа бичиг үсгийг орчуулан бичихүй дор үгийг дагаж хэргийг нэвтрүүлэхийг эрмэлзэх байхаа. Үүнэээс хойш Хас тамга дарж бичиг тараан буулгах дор хамтаар улсын бичгийг хэрэглэх басхүү тус тус дор түүний улсын үсгийг хавсаргуулагтун” гэж дурьджээ. Тэрээр Их Юань улсдаа тусгай бичигтэй болохыг зорьсон бөгөөд дөрвөлжин бичгээр монгол, нангиад, түбд, самгард, түрэг хэлний дурсгалууд олдсоор байна. Дөрвөлжин бичгийг “улсын бичиг” болгож уйгаржин бичгийг шахах бодлого Юань улсын үед гарсны цаад учир бол өөрийн монгол язгуурын бичиг үсэгтэй болох гэсэн төрийн бодлогоос өөр юмгүй. Гэтэл шинээр зохиосон дөрвөлжин бичиг хэрэглэхэд баахан төвөгтэй байсан учир үйл хэрэг нэлээд удааширч, энэ завсар уйгаржин бичгийн эзэлж байсан орон зайг нангиад ханз дүрс бичиг эзлэн авсан байдал илэрхий харагддаг. Юань гүрний үед нэр цууд гарсан олон монгол бичээч нангиадаар шүлэг зохиол бичих рүү эрчимтэй шилжсэн явдал монголд түүхч зохиолч гэдэг түүхийн турш хамт ойлгогдож байсан мэдлэг ухаан тус тусдаа бие даах эх суурийг энэ үеэс тавьж эхэлсэн бололтой.
Дөрвөлжин бичгээс хойш монголчууд олон бичиг үсэг зохион авч хэрэглэхээр оролдсоор байжээ:
-Али гали үсгийг харчины Аюуш гүүш 1587 онд зохион боловсруулсан монгол бичгийн галигийн тогтолцоо юм. Али гали гэдэг нь эгшиг гийгүүлэгч гэсэн утгатай самгард үг байжээ. Харь хэлний үгийг үгчлэн буулгах, үсэгчлэн буулгах хоёр үүргийг зэрэг гүйцэтгэж чадна. Харь хэлний үгийг цаад эх хэлээрээ хэрхэн бичдэгийг үсэг үсгээр нь хадаж тэмдэглэх, мөн хэрхэн дууддаг байдлыг галиглан бичдэг байсан нь монгол галигийн тогтолцооны нарийн боловсорсныг харуулдаг.
-Соёмбо үсгийг Гомбодоржийн Занабазар 1686 онд зохион монгол, түбд, самгард үг бичихэд зориулан гаргажээ. Энэтхэг, ланз, нагар үсгүүдээс гаралтай 90 тэмдэг бүхий бичиг байв. Соёмбо гэдэг нь самгардаас хөрвүүлбэл “өөрөө буй болсон гэгээн үсэг” гэсэн утгатай аж. Соёмбо үсэгтэй хамт Занабазар хэвтээ дөрвөлжин үсэг гэгчийг бас зохиосон байна.
-Тод үсгийг ойрад лам Намахайжамц 1648 онд зохиосон. Энэ нь Монгол бичгийг хэлний аялгатай нь ойртуулах, түбд самгард хэлний үгсийг хялбар бичих зориулалтаар бүтээгдсэн. Тод хэмээсний учир нь тодорхой нарийн болгосныг өгүүлж буй аж. Орос дахь халимагууд, Шинжаан дахь ойрадууд хэрэглэж байна.
-Вагиндрагийн үсэг нь буриад лам Агваандорж тод үсэгт тулгуурлан 1905 онд зохиосон буриад шинэ үсэг юм. Гол ялгаа нь үгийн эх, дунд, адагт орох үсгийн дүрс хэлбэр хувирах ёс байхгүй нь өрнө дахины бичгийн тогтолцооны нөлөө байх юм.  
-Латин үсгийг 1941 оны 2 сарын 1-нд БНМАУ албан ёсныхоо бичгээ болгосон боловч хоёр сарын дараа монгол хэлний бүх авиа дуудлагыг тэмдэглэж чадахгүй байсан тул больсон хэмээн шийдвэрээ цуцалжээ.
-Кирилл үсгийг 1946 онд Монголын албан ёсны бичиг болгосон. Монголд хэрэглэж буй кирилл цагаан толгой нь оросынхоос 2 үсгээр илүү бөгөөд голчлон славян гаралтай ард түмний дунд түгсэн бичгийн тогтолцоо юм. Кирилл нь грек үсгээс гаралтай бөгөөд МЭ 10-р зуунд амьдарч байсан Болгарын номлогч нар болох Кирилл, Мефодий нар боловсруулсан гэдэг. Тэд өөрсдийн шашны сургаалыг ойлгомжтой болгох үүднээс славян хэлний бүтцэд тохируулан грек үсгийн хувилбар болох Глаголит бичгээс санаа аван бүтээсэн байна. Кирилл үсгийг 30 гаруй улсад ашиглаж байгаа бөгөөд өөрсдийн хэлний онцлогт тохируулан үсэг нэмж хэрэглэж байна. Славян хэлний улсууд нь Болгар, Белорус, Украйн, Орос, Македон, Серби, Русин, славян бус хэлний улсууд нь Монгол, Казах, Киргиз, Абхаз, Башкир, Ерзя, Килдин, Сами, Коми, Мари, Мошка, Оссет, Романи, Саха, Якут, Таджик, Татар, Тлингит, Тува, Удмурт, Юуйт, Юпик байна.
Азийн суурин иргэншилтэй эртний соёлтой улсууд болох Дундад улс, Япон, Солонгос улсууд нангиадын ханз бичгийн соёлтой юм. Тэднээс Япон, Солонгос улсууд ханзаа орхин авиа үсэгтэй бичиг хөгжүүлсэн боловч элдэв нэр томъёон дээр ханз бичгээ хэрэглэхээр өөрцгүй байдалтай байдаг. Харин Дундад улс нь төрийн бодлогоороо ханзын дүрс бичгээ хаяад авиа үсэг тэр дундаа бүр латин галигт шилжих гэж оролдоод ч бүтээгүй түүхтэй билээ. Нангиад хэлний үгийн нэг үе нь 4-5 янзын аялгатай, тэгээд үе бүхэн өөр өөр дүрс тэмдэг бүхий ханзаас бүтдэг болохоор нангиад хэлийг латин галигт оруулах нь зөвхөн мөрөөдөл болж үлдсэн байдаг. Эртний ханз тэмдэгтүүдийг нь оруулаад нийт 56000 орчим ханз тэмдэг байдаг гэлцдэг, зөвхөн орчин цагийн хялбаршуулсан ханз тэмдэгтүүд нь л гэхэд 12-13000(дунд боловсролоор олж авдаг) байдаг гэж дуулж байлаа. Нангиад хүн үхэн үхтэлээ ханз үсгээ сурсаар амьдрал нь төгсөхдөө ч түүнээ бүрэн дүүрэн танилгүй дуусдаг болтой. Үсгийг бусадтай адил уншина гэж хэлдэггүй “үсэг таних” гэж хэлэхээс өөрцгүй. Таньдаг хүн, таньдаггүй хүн гэдэг шиг таньдаг үсэг ба таньдаггүй үсэг гэсэн ойлголт л үйлчлэх юм.
Нангиад нарын эдэлдэг зовлон монголчууд бидэнд хэзээ ч байхгүй бөгөөд хувь заяаныхаа эрхээр кирилл бичигт шилжин орсон нь тун азтай нэгэн ард түмэн гэж хэлэхэд бүрэн таарна хэмээн мунхаглана. Бичиг болон монгол хэлний дуудах аялга зөрөөгүй, сурахад нэн хялбар бичгийн соёлтой монголын ард түмэн гэнэт яахаараа уйгаржин бичигт эргээд орох учиртай гэлцээд ядуу төсвөөсөө хөрөнгө мөнгөө гаргаад, байгаа багшлах хүн хүчээ дайчлаад бичиг соёлынхоо хөгжлийн эсрэг асар тэнэг бөгөөд том ухралт хийх гээд байгаа нь анхнаасаа л дэвшил хэмээн хэнд ч харагддаггүй. Хэрэв энэ цаг үед Их Монгол гүрний их эзэн, ЧИНГИС хаан ТэмүЧИН маань байсан бол ийм шийдвэр гаргах байсан болов уу гэвэл үгүй л гэмээр байдаг. Их Монгол гүрэн хятан дүрс болон уйгаржин босоо гэсэн хос бичгээр төрийн үйл хэргээ явуулж байсан. Хаант төрөөс хятан дүрс үсгээр явуулах бичиг хэргээ Ю.Чуцайд, харин уйгаржин бичгийн хэргээ Чингай ноёнд даалгаж байсан түүхтэй. Уйгаржин-монгол босоо бичгийг их хааны зарлигаар тухайн цагт уйгар гаралтай Дадай Атунга багш монгол хэл аялганд тохируулан бүтээсэн байдаг.
Монголчууд бид эртний соёлт Грек түмнээс гаралтай, тэгээд ч орос иваны биш харин Болгар мэргэдийн боловсруулсан кирилл бичгийн соёлтой ард түмэн бөгөөд орчин цагийн цахим ертөнцөд ч энгүй тохирсон бичгийн соёлтой болсон улс орон билээ. Кирилл бичигт шилжсэнээр зарим судлаач нарын хэлээд байгаа шиг монгол хэл эвдэрсэн энээ тэрээ гээд байгааг харин ч зарим судлаач нар монгол хэлийг дэвшин хөгжсөн гэж үзэж байна. Монголчуудын бүхэл бүтэн 3 үе(75 жил) энэ бичгийн соёлоор боловсорч хүмүүжсэн, тэгээд ч кирилл бичгээр хэвлэсэн номын аль ч нүүрийг диагоналдан ганц хараад тухайн нүүрний бүтэн утга агуулгыг нь мэдчихдэг хурц оюунт эрдэмтэн мэргэд ч олон байсан, одоо ч бас бий юм. Харь үгийг онож тэмдэглэх гээд босоо монгол бичгээ өөрчлөн аргаа барж бүтээсэн тод үсэг, вагиндра үсэг зохиож байсан түүхээ эргэн нэг санаач мэргэд ээ.
Харин Монголчууд бид өмнөх түүхэндээ бүтээсэн олон бичиг соёлоо бусдад үзүүлэн гайхуулмаар байгаа бол мөнгөн тэмдэгт дээрээ, шуудангийн маркууд дээрээ хэвлээд л байвал болоо юм биш үү. Төрийн албан бичиг өөрчилснөөр монголын энгийн олон түмэн лав хожихгүй нь тодорхой ирээдүй л харагдана. Босоо монгол бичгийг судлах шаардлагатай мэргэжлийн хүмүүс, тухайлбал археологич нар, түүхч нар, элдэв хэлний судлаачид судлаад явна л биз.
Босоо бичигт шилжсэнээр тэнгэр заяа нь хөх монголчуудад эргэж бууна гэдэг бол зүгээр л цөлхи нэгний хожим зохиосон болхи нэгэн үлгэрийн домог юм. Харин ч өнөөгийн ТВ, радиогийн сэтгүүлчдийн дультраа хэлээр, интернет блогчдын товчилсон хар хэлээр түрэгдэн мөхөх дээрээ тулаад байгаа өнөөгийн кирилл бичиг соёлоо хамгаалж зөв авч үлдээх арга хэмжээг цаг алдахгүй авмаар байна. Монголд төр гэж байдаг бол монгол хүүхдүүдийнхээ боловсролд ихээр анхаарал тавьж монгол иргүнүүдийг төрүүлэх тогтолцоог гүн хөгжүүлэх, ялангуяа иргүн бүрийнхээ монгол далд ухамсрын дархлааг авч үлдээхийн тулд 12-оос доош насны монгол хүүхдэд элдэв бусын харь хэлийг сургах явдлыг хориглож цаазлах шаардлага зайлшгүй тулгараад байна.

Гал

No comments:

Post a Comment